БИД ХАМТДАА ЧАДНА

Сүхбаатарын Батболд
Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдон УИХ-ын нэгдсэн чуудганд хэлсэн үг
УИХ-ын Танхим
2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  

   
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурлын Дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө Монгол улсын Ерөнхий сайдын албанд тохоон томилж, надад өндөр их итгэл хүлээлгэсэн УИХ-ын гишүүд, Монгол Ардын Хувьсгалт Намын болон Ардчилсан Намын бүлэгт талархлаа илэрхийлье.

Монгол төрийн нэн хариуцлагатай, тун амаргүй энэ албыг миний бие Монгол улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр Танаас хүлээн авч байна. Бахархалтай ч бас таны жишигт дүйцэж ажиллах өндөр шалгуур гэдгийг ойлгож энэхүү хүндтэй албаны буухиаг ард түмэн, монгол хүний эрх ашиг, хүсэл мөрөөдөлд нийцүүлэн хуулийн хүрээнд ил тод шударгаар үргэлжлүүлж ажиллана.

МАХН-ын дарга Ерөнхий сайд С.Баяр Та ээдрээтэй хүнд нөхцөлд төр түмнийхээ итгэлийг дааж, төрийн хүний голч бодлого, холч ухааныг харуулж хамтарсан Засгийн газрыг байгуулах зоримог санал анх гаргаж, улс төр, нийгмийн эв нэгдлийг хангах ухаалаг шийдлийг ажил хэрэг болгосон. Таны тэргүүлсэн хамтарсан Засгийн газар энэ богино хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Атрын 3-р аян зэрэг улс орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр болохуйц түүхэн шийдвэрүүдийг гаргаж үр дүнтэй үйл ажиллагаа олныг өрнүүлж эхлүүлсэн.

Засгийн газрыг тэргүүлж байх үедээ зах зээлийн хямралтай тулж, давалгаа савалгааныхаа нь хүнд сорилтуудыг багийн хамт халшралгүй даван туулж, удирдлага зохион байгуулалтын өндөр ур чадвар гаргаж ирснийг Засгийн газрын гишүүнээр хамтран ажиллаж байсны хувьд зориуд онцлон хэлмээр байна.

Хамтарсан Засгийн газрыг удирдан манлайлах үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж ирсэн С.Баяр Танд гүн талархлаа илэрхийлж Таны цаашдын ажил амьдралд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж ажиллах нь миний үүрэг гэж ойлгож байна. Ерөнхий сайд С.Баярын дэвшүүлсэн таван төгөлдөршлийн зорилт, хамтран нэгдэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах бодлогыг цаашид үргэлжлүүлнэ.

Ингэхдээ хамтарсан Засгийн газар одоо байгаа бүтэц бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
           
УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Миний бие Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон энэ мөчид Монгол улсынхаа хөгжлийн зорилт, сорилт, өнөөгийн тулгамдаж буй асуудал, тулгарч буй бэрхшээлийг бодитойгоор үнэлж, боломж нөөцөө зөв тооцоолон цаашид ажиллах чиглэлээ тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.

Дэлхий дахиныг хамарсан санхүү эдийн засгийн хямралын сүүдэр манай банк, санхүү, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй, дэд бүтцийн гээд олон салбарт хүндээр тусч, хүн ардын маань амьдралд багагүй дарамт учирч байна. Хямрал дуусах болоогүй байна. Хүндхэн цаг үеийн амаргүй ачаа та бидний нуруун дээр байсаар байна. Төсөв, банк санхүүгийн системийн шинэчлэл, бизнесийн орчны шинэчлэл гээд хийх ажил бидний өмнө их байна. Бид энэ ачааг дааж гарна гэсэн итгэл үнэмшил төгөлдөр байна. Иймээс манай Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол хямралыг давж, төгөлдөршлийг үргэлжлүүлэхэд оршино.

Би бэрхшээлийг мэдэрч байгаа ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Монгол бол баян улс. Эцэг өвгөдөөс заяасан уудам нутагтай, үе үеэрээ хамгаалж, залгамжилж хөгжүүлж ирсэн өв их соёлтой, үр төлт мал сүрэг, өгөөж баян байгаль, эрдэс баялгийн нөөцтэй улс. Төрт ёсны олон зуун жилийн түүхтэй орон. Сайхан Монгол орондоо монгол хүн сайхан амьдрах учиртай.

Манай засгийн газар аливаа хөгжлийн бодлогыг хүний төлөө боловсруулж, ард иргэдийн өргөн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхийг хичээнэ. Монгол хүний сайхан амьдралын төлөө бид ажиллана. Монгол хүн бүр ажилтай, Монгол хүн бүр боловсролтой, Монгол хүн бүр эрүүл байх, Монголын төр иргэндээ ойрхон байх ёстой гэж миний бие үзэж байна.

МОНГОЛ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОХ НЬ манай хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Иймд хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэлтэй монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ.

21-р зууны Монголын аж үйлдвэржилтийн их бүтээн байгуулалтыг эхлүүлж, улмаар бодит ажил болгож гэмээнэ монгол хүн болгон ажилтай байх энэхүү зорилт хэрэгжинэ. Тийм түүхэн боломж бидэнд ойрхон байна.

Хөрөнгө оруулагчид Монгол улсыг урьд өмнө байгаагүйгээр сонирхох боллоо. Далайд гарцгүй хэдий ч даяаршсан дэлхийн зах зээл манай улсыг хүрээлж байна. Олон уурхай, түүнийг дагасан дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүд хэрэгжинэ.

Монголын өрсөлдөх чадварын онцлогийг тусгасан дагнасан үйлдвэржилт нь 21 дүгээр зууны аж үйлдвэржилтийн үндэс байх учиртай. Оюу толгойн орд газрын араас ашигт малтмалын бусад орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж зэс хайлуулах, барилгын материалын үйлдвэр, төмөр, коксын зэрэг нэмүү өртөг бий болгосон олон үйлдвэр ажиллаж эхлэх нь шинэ аж үйлдвэржилтийн бодлогын цөм нь байх болно. Дан ганц уурхайнууд биш олон боловсруулах үйлдвэрүүд, тэдгээрийг дагалдах үйлчилгээний төслүүд эхэлснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжих өргөн бололцоо бас нээгдэнэ. Ингэснээр монгол хүн ажлын байртай болох боломж бүрдэнэ.

Шинэ зууны үйлдвэржилтийн бүтээн байгуулалтыг дан ганц уриа лоозон, төрийн байгууллагын хүчин чармайлтаар хийх боломжгүй. Бүтээн байгуулалтыг бүрэн эрчээр нь эхлүүлэхийн тулд дотоод гадаадын хөрөнгө оруулалт, техник технологи, мэргэжил туршлага, мэдлэг боловсролыг урамшуулж татах ёстой гэдгийг амжилттай хөгжиж байгаа орнуудын туршлага бэлхнээ нотолж байна. Төрийн бодлого зөв байхын зэрэгцээ хувийн хэвшлийн хүчин зүтгэлээр бүтээн байгуулалт хийгддэг гэдгийг хөгжил дэвшилд хүрсэн орнуудын туршлага харуулж байна. Нэг үгээр хэлбэл бид бүх түвшинд, бүх салбарт өрсөлдөх чадвараа эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Бас хөгжлийн хурдаа нэмэх хэрэгтэй.

Давосын хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб “Ертөнц том нь жижгийгээ барьдаг зүй тогтлоос хурдан нь удаанаа ялдаг тогтолцоо руу шилжиж байна” хэмээн хэлсэн. Үнэхээр бид цаг алдсанаар даяаршсан  өрсөлдөөнд  даруулж, хоцрох эрсдэл бий. Зарим судалгаа ч харуулж байна.

Дэлхийн здийн засгийн чуулга уулзалтын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол улс 134 улсаас 100 дугаар байранд бичигджээ. Маш бодитоор дүгнэхэд өнөөдөр бид өрсөлдөж чадахгүй байна.

Үүнийг бид эрс өөрчлөх цаг нь болжээ. Монгол улс, монгол хүн бүр өрсөлдөх чадвараа  дээшлүүлэхийн төлөө цаг нартай уралдан зүтгэх амьдралын шаардлага нэгэнт бий болжээ.

Иймд Монгол улс бүр нутагтаа татвар, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвараар өндөр үзүүлэлттэй орон болохын төлөө чармайж ажиллана.

Үүний тулд бид олон улсад түгээмэл хэрэглэгддэг стандартыг бүхий л салбарт нэвтрүүлж, ажил хэрэг болгоно. Энэ нь бидний хэлж хэвшсэн бараа материал, эд зүйлийн стандарт байхаас гадна хууль тогтоомж, заавар журам, техникийн болон бидний бодол сэтгэлгээний, соёлын, ажил амьдралын хэв маягийн шинэ стандарт байх юм.

Европын холбоонд элссэн бидэнтэй олон жилийн уламжлалт харьцаатай улс орнуудын туршлагаас энэ шинэ стандартын үр ашгийг суралцаж болно. Тэд зах зээлийн эдийн засагт шилжихдээ дугуй сэдсэнгүй, аль нэг хүний үзэмжээр хуулиудыг бас бичих гэж оролдсонгүй. Харин байнгын жишиг болгож  баримтлах нэг загварыг сонгож, замын стандартаа солихоос эрлээд авилгалтай тэмцэх хуулиа өөрийн олцлогт нь тохируулан нутагшуулснаар амжилтанд хүрч байна.

Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг, хүн амын нягтаршил, геополитикийн байршилаар Монгол Улстай маш төстэй Канад улсын хөгжлийн загвар, стандарт, техник, технологиос Монголд нэвтрүүлэх зүйл их бий.

Ер нь их бүтээн байгуулалтыг дан ганц дотоод хүчин зүйлээр гүйцэлдүүлэх боломжгүй. Монгол Улс жижиг орон хэдий ч, өөрийнхөө хэмжээтэй харьцуулахад гадаад талдаа жинтэй, нэр хүндтэй үйл ажиллагаа явуулж буйг манай түнш орнууд тэмдэглэж байгаа. Иймд манайхыг чиглэсэн энэхүү эерэг сэтгэхүйг зөв ашиглаж хөгжлийн хурдасгагч хөшүүрэг болгох боломж бий.

Монгол улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь даяаршсан зах зээлтэй байх зорилт дэвшүүлж, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Европын холбоо, Энэтхэг болон гуравдагч хөрш бусад орнуудтай худалдааг улам хөнгөвчлөх, өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Монгол хүн гадаад улс орнуудад, ялангуяа өөрийн бүс нутгийн орнуудад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхийн  төлөө ажиллана. 

Бид гадаад харилцааг эдийн засагжуулах, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Энэ бодлогоо үргэлжлүүлнэ, эрчимжүүлнэ. Энэ нь монгол хүн бүрийг ажилтай болгох нөхцөлийг бүрдүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
           
Эрхэм гишүүд ээ,

Монгол хүн бүрт хөгжлийг нь тэтгэсэн ижил тэгш боломжийг төрөөс олгож, иргэн бүрээ чадавхижуулж, боловсролтой, эрүүл чийрэг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай “Монгол хүн”-ийг төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлж улмаар нийгмийн дундаж давхарга өргөжих бодит хөрс суурийг тавихын төлөө чармайн ажиллах нь чухал юм.

Газрын доорх баялгийг бид хэрэглээний эх үүсвэр болгоод өнгөрөх биш монгол хүний оюуны баялаг болгох нь чухал. МОНГОЛ ХҮН БҮР БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ.

ХХ зууны Монгол орны хөгжлийг тухайн зууны боловсролын шинэ тогтолцооны бүтээгдэхүүн боловсон хүчнүүд манлайлсан. Ахмад үеийнхэн маань улс орноо хөгжүүлж чадсан. Шинэ зууны хөгжлийг шинэ Монгол орны чадвартай боловсон хүчнүүд шийдэх учиртай. Бид ерөнхий боловсролын тогтолцоо, стандартаа дэлхийд тэргүүлэх орны түвшинд хүргэж, тусгай мэргэжлийн болон их дээд сургуулийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэн, төгсөгч бүр ажилтай болох зорилтыг тавин ажиллана. Иймд боловсролын салбарын хөгжил нь Хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг байх болно.

Хамтарсан Засгийн газар нь гэр бүлийн институцийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Гэр бүл бол хүний нийгмийн хамгийн эртний институцийн нэг, нэн үнэт зүйл юм. Чөлөөт амьдралаар урагшлахдаа монголчууд бид гэр бүлээ дээдэлж, хүндлэн тэтгэж явах учиртай. Гэр бүлийн үнэт зүйлсийг улс орондоо бэхжүүлэхэд чиглэсэн цэгцтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд тусгай анхаарал хандуулах болно.

Иймд Эх орны хишиг, Эрдэнийн хувийн талаар хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхдээ гэр бүл, хүний хөгжлийг хэмжих үзэл баримтлалд суурилахыг санал болгож байна. Хамтарсан засгийн газар нь нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг эрхэмлэж, настан буурлууд, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг нийгмийн халамж хамгаалал нэн шаардлагатай байгаа хэсэгтээ эхний ээлжинд хүртээнэ.

Бид иргэдийнхээ эрүүл мэндэд ээлтэй тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд би зөвхөн эрүүл мэндийн зөв тогтолцоог хэлж буй биш, бас эрүүл чийрэг биеийг хөгжүүлэх нийгмийн зөв бодлогыг ч ойлгож байгаа юм. Иймд юуны өмнө нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх санал санаачилгыг түлхүү дэмжихийн зэрэгцээ эрүүл хүнс, эрүүл амьдрах хэв маягийг урамшуулж ажиллахыг эрмэлзэнэ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Байгалийн баялагаа зөв ашиглаж хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнууд, нөгөөтэйгүүр байгалийн баялгийн хараалыг амсаж яваа орнуудын хооронд нэгэн том ялгаа байна. Тэр нь засаглалын ялгаа.

Иймд ардчилсан тогтолцоог улам бэхжүүлэх нь хамтарсан Засгийн газрын бас нэг тэргүүлэх зорилт байх болно. МОНГОЛ ТӨР ИРГЭДДЭЭ ОЙРХОН БАЙХ ЁСТОЙ.

Манай улс төр, нийгмийг бүхэлдээ монголын ардчиллыг муухай харагдуулж байгаа, ул хөрснөөс нь идэж байгаа зүйл бол авлига, төрийн албаны чирэгдэл, дарамт гэдгийг хэн хүнгүй ярьдаг, мэддэг. Авлига нь муу төрд байдаг үзэгдэл гэдэг. Авлигатай төрд ард түмэн хэзээд харшилтай байдаг. Иймд авлигын тогтолцоо байгаа тухай ярихаас илүү яг амьдрал дээр арилгах бодит алхам, үйлдэл хэрэгтэй байна.

Мөн Засгийн газрын бүх шатанд үг яриа нь үйл хэрэгтэйгээ нэгддэг, хариуцлагатай байх зарчмыг барьж ажиллана. Ажлын арга хэлбэрийг ч өөрчлөхийг шаардана. Аль ч шатны төрийн байгууллагын аливаа ажилд хэтэрхий чамирхал, хэлбэрдэл байх шаардлагагүй. Төрийн бүх төрлийн ажил үйлчилгээ нь тогтсон хэм хэмжээ, ёс зүй, дүрэм журмын хүрээнд, бодит үр дүнг эрхэмлэсэн байх учиртай. Шударга төрийн гоёл нь хууль ёсыг баримтлах, ард түмэндээ ойр, ил тод байх явдал юм.

Аливаа буруу гаж зуршлаас ангид, авлигад харшилтай төрийг байгуулах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга зам бол хуулийг дээдлэн сахин биелүүлэх явдал гэж үзэж байна.

Хууль бол манай засаглалын хэм хэмжээ аливаа үйлдлийн хэмжүүр дэнс нь байх ёстой. Хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг гүйцэтгэх засаглалын бүх шатанд хэвшүүлэн мөрдүүлж ажиллах нь өнөөгийн нийгмээ эмхлэн цэгцлэх, хэв журам алдагдуулж байгаа бүхнийг эгнэгт халж өөрчлөх, улмаар хариуцлагатай байхын үндэс болно гэж үзэж байна.

Нийгмийн шаардлагаас хоцорсон хууль тогтоомж нь хүнд суртал, авлигын үндэс болог тухай гомдол санал цөөнгүй гардаг. Иймд бидний дэвшүүлсэн шинэ стандартыг нэвтрүүлэх зорилт нь хуулийг олон улсын хэвшсэн загвар, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу боловсруулахад туйлын их ач холбогдолтой байна.

Үүний зэрэгцээ гүйцэтгэлийн удирдлагыг хангах түүний үр дүнг дээшлүүлэхэд төрийн албаны тогтвортой байдал, дархлаа чухал юм.

Төрийн жинхэнэ албанд гавьяа зүтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна. Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллаж байгаа ажил хэрэгч, шударга албан хаагчдынхаа нэр төр, ажиллах нөхцөл, баталгааг хангах нь төрийн үүрэг мөн. Үүний зэрэгцээ төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжүүлэх, удирдлагын илүү шат дамжлагыг арилгах, төрийн албыг хашихдаа хууль бус үйлдэл, ёс зүйн гажуудал гаргах зэрэг хүнд сурталын аливаа илрэлийг төрийн албанаас нэн даруй зайлуулах, ийм буруу зуршилтай хэнд ч төрийн албанд орон зай байх ёсгүйг мэдрүүлж ажиллана. Төрийн үйл ажиллагааны төвлөрлийг бүхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх-үүрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарна.

Төвлөрлийг сааруулж нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг бэхжүүлэн нутаг орондоо иргэд нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд төдийгүй гүйцэтгэлийн явцад нь идэвхтэй оролцох бүхий л бололцоо, нөхцөлийг хангах нь чухал гэж үзэж байна.

Үүний тулд шаардлагатай тохиололд эрх мэдлийг төвөөс орон нутгийн удирдлагад төлөөлүүлэн хэрэгжүүлэх, шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах болно.

Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тэдэнтэй хоршиж ажиллах нь иргэний нийгмийн ардчилсан удирдлагын жинхэнэ зарчим гэж үзнэ. Ингэснээр нийгмийн олон талт ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, төр хувийн хэвшил, иргэдийн эрх тэгш байдал, итгэлцэл, түншлэлийг хангах, эрх мэдлийг ард иргэдэд олгох, тэдний оролцоог өргөтгөж чадна. Ингэж байж л хяналттай, тэнцвэртэй төр төлөвшиж иргэндээ ойртоно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хамтарсан Засгийн газрынхаа бодлогыг би хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн гэсэн хослол хэмээн хамгийн товчоор тодорхойлж байна. Монгол Улсад хөгжлийн сайхан ирээдүй, Монголын сайхан орондоо монгол хүн сайхан амьдрах боломж бий гэдэгт итгэдэг.

Үүний тулд Монгол хүн бүрийг ажлын байртай болгох боломжийг бүрдүүлэх, иргэн бүрээ чадавхижуулан, боловсролтой, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх, Монгол төр иргэддээ ойрхон байх ёстой гэж үзэж байна.

Бид үүнийг хийх ёстой, хийж ч чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажлаа эхлэж байна. Хамтарсан Засгийн газарт Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй намууд, Ерөнхийлөгч, нийт ард иргэдийн хамтын дэмжлэг хэрэгтэй.

Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол Улс хөгжин бадрах болтугай.